12 1 сар

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан хотын Ерөнхий менежер Т.Гантөмөртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн нийслэлийн бусад инженерийн байгууламжийг хариуцдаг УБДС ТӨХК, МХС ТӨК-ууд энэхүү санамж бичигт хариуцсан чиглэлийн дагуу нэгдэцгээсэн юм.

Санамж бичигт Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний засварын үед нийслэл болон бусад инженерийн шугам сүлжээг хариуцсан газруудтай уялдаа холбоотой ажиллах талаар тодорхой тусгасан байна.

Хотын ерөнхий менежер хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон бусад компаниудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн гол зорилго Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд оршино” гэлээ.

Энэ үеэр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Р.Дагдан хэвлэл мэдээллийнхэнд хандан “Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компани нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, энэ онд нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11.2 тэрбум  төгрөгийн ажил хийгдэнэ. Мөн суурьшлын бүс дэх цахилгаанд холбогдоогүй болон хүчдэлийн уналттай айлуудын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд зарцуулах хөрөнгийг нийслэлээс гаргаж хийнэ” хэмээн мэдээллээ.

Sidebar Menu