28 7 сар

Цахилгааны олон залгаатай, ил утаснуудын дэргэд хүүхдүүд тоглосоор байна

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийслэл, түүний ойр орчим дахь цахилгааны агаарын болон кабель шугам, тоноглолуудад эзэмшлийн заагийг үл хамааран эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлагыг хэрэглэгчдэд тараах, мэдээлэх, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, болзошгүй аюул эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллаж байна.

   Үзлэгийн явцад нийтийн эзэмшлийн талбай, хүүхдүүд тоглодог, хүн амьтан зорчиж өнгөрдөг газруудаар иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгааны техник, ашиглалтын шаардлага хангаагүй, ил задгай утас татагдсан байдлууд олноор илэрч байна.  

   Өчигдөр буюу долдугаар сарын 27-ны өдөр тус компанийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналт, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ХАБЭАХБ  инженерүүдийн МҮОНТ-ийн ММ агентлагийн сурвалжлагын багтай хамтран Баянзүрх дүүрэгт хийсэн үзлэгээр 23-р хороо Хужирбулан дахь захын гэр хорооллын иргэд тог цахилгаантай болохын тулд шаардлага хангаагүй цахилгааны утас ашиглаж, 5-6 айлд зориулан суурилуулсан тоолуурын нэгдсэн самбараас ил, далд хэлбэрээр өндөр аюул эрсдэл үүсгэхүйц байдлаар цахилгаанд холбогдсон зөрчлүүд илэрлээ. Зориулалтын бус олон залгаатай, газраар болон хашааны модонд ороон ил татсан эдгээр утаснуудтай аюулын өндөр эрсдэлтэй нөхцөлд хүүхдүүд тоглож байлаа. Газрын гэрчилгээгүй, дур мэдэн буусан айл өрхүүд ийнхүү зүй бус байдлаар утас татан тогтой залгаж, өөртөө болон өрөөл бусдад аюултай нөхцөлийг бүрдүүлжээ. Энхүү зөрчлийг таслан зогсоож, болзошгүй аюул эрсдэл учрахаас сэргийлэн татсан утсыг нь таслан хурааснаас хойш тун удалгүй хоёр иргэн гарч ирсэн юм.

   Эдгээрийн нэг нь газрын зөвшөөрөлтэй, цахилгаанаар хангагдах гэрээтэй ч оруулгын утас нь техник, ашиглалтын шаардлага хангахгүй, нөгөө нь газрын зөвшөөрөлгүй, Д гэгч айлаас гуйж цахилгаанд холбогдсон. Тухайн иргэдэд хураасан утсыг өгөөд шаардлага тавихад: “Уг нь хууль бус. Манай үүгээр хайрга чулуу ихтэй, утсаа далдлах боломжгүй байдаг. Машин явахаар утас байнга тасарчихдаг. Тэгээд нялх хүүхэдтэй болохоороо яараад тасархай ч гэсэн холбоод залгачихдаг” гэсэн бол ”Манайх Д гуайнд төлбөрөө байнга төлдөг, төлбөрөө төлөөд байхад цахилгааны утас тасалж, хурааж байгаад бухимдаж байна” гэж байлаа.

   Үзлэг хийсэн дараагийн цэг бол 13 дугаар хорооллын 3-р байрны подвальд байрлах Алтайн бараа СӨХ-ны эзэмшлийн цахилгаан ерөнхий самбар байв. Энэ СӨХ-оос  маш олон аж ахуйн нэгжүүд цахилгаанд холбогдсон байлаа. Цахилгаан холболт нь бөөгнөрсөн, хоорондоо наалдсан байдалтай, галын аюул учрахад бэлэн болсон байлаа. Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс удаа дараа мэдэгдэл, шаардлагаа  өгөөд хэрэглээг нь түдгэлзүүлдэг боловч өөрсдөө дур мэдээд залгачихдаг гэв.

   Энэ мэт нөхцөл байдалтай иргэдэд мэргэжлийн байгууллагаас өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангахын төлөө гаргасан зөрчлийг нь арилгуулахаар албан шаардлага өгдөг ч хариуцлагатай ханддаггүй, тоомжиргүй өнгөрөөх байдал байсаар байна.

   УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр хийдэг. Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс энэ сард гэхэд 99 дэд станцын 1166 айл өрхийн оруулгын кабельд үзлэг хийж, 279 айл өрхөд албан шаардлага өгч, 135 айл өрхийн хэрэглээг түдгэлзүүлж, 52 айл өрхийн аюул, эрсдэлтэй оруулгын кабель утсыг хураажээ.

   Аюул эрсдэлтэй зөрчлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо чухал байгааг анхааруулъя.


Sidebar Menu