OHSAS 18001:2007 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

УБЦТС ТӨХК нь 2013 оноос эхлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал удирдлагын тогтолцоо, шаардлага OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр Канад улсаас итгэмжлэгдсэн PECB компанитай хамтран ажилласан бөгөөд 2017 онд стандартын шаардлагыг бүрэн хангаж, албан ёсоор батламжлагдсан.

Стандартыг хэрэгжүүлснээр компани хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр дэвшилттэй олон үр дүнд хүрснээс хамгийн томоохон нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилтнуудын зөв хандлага, төлөвшил юм. Үүний үр дүнд 2017 онд үйлдвэрлэлийн осолгүй ажиллалаа.

OHSAS 18001:2007 ГЭЖ ЮУ ВЭ?
OHSAS гэдэг нь “Occupational Health and Safety Assessment Series” буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэлгээний цуврал” гэсэн үгний товчлол, OHSAS 18001:2007 нь үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийг хянахад туслах зорилготой олон улсын түвшинд хэрэгждэг стандартын шаардлага юм.

Уг стандарт нь олон улсын ISO:9001, ISO:14001 стандартуудтай нягт уялдаатай хэрэгждэг ба аль нэгэнд нь шинэчлэлт ороход гурвуулаа зэрэг шинэчлэгдэж байдаг онцлогтой.

ҮР ДҮН
Стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагын ХАБЭА-н ажилд дараах бодит үр дүн бий болдог.

Үүнд:

  • Холбогдох гарын авлага, дүрэм журам, заавар зааварчилгаанууд гарна;
  • Үйл ажиллагааны үе шатууд тодорхой болно;
  • ХАБЭА-н ажлын зохион байгуулалт цэгцтэй болно;
  • ХАБЭА-н ажлын гүйцэтгэлийг хянах цогц систем бий болно;
  • ХАБЭА-н ажлыг үнэлэх боломжтой болно;
  • ХАБЭА-н ажлын гүйцэтгэлийг сайжруулж авч явах боломжтой болно;
  • Aжилчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн аюулгүй ажиллах талаар мэдлэг, чадвартай болж төлөвшинө.

ҮР НӨЛӨӨ
Стандартыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэх нь байгууллагад дараах ач холбогдолтой.

Үүнд:

  • Байгууллагын нэр хүнд өснө;
  • Олон улсын төсөл, тендерүүдэд өрсөлдөх давуу талтай болно;
  • Эрүүл, аюулгүй ажлын байр бий болж ажилтнуудын сэтгэл ханамж, тогтвор суурьшил дээшилнэ;
  • ХАБЭА-н эрсдэлийг бууруулж, хянах тогтолцоотой болсноор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогод зарцуулах зардал буурна.

СТАНДАРТЫГ ЯМАР БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
Дараах хүсэлтэй байгууллага стандартыг нэвтрүүлэх боломжтой.

Үүнд:

  • Үүсч болох хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрсдэлд өртөж болох сонирхогч талуудын ажлын байрны эрсдэлийг бууруулах буюу ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх;
  • Үйл ажиллагаандаа ХАБЭА-н бодлогыг тусган, хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлэх, хянах, сайжруулах;
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулан хөгжүүлэх;
  • ХАБЭА-н эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах;
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоогоо хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж, олон улсад батламжлагдах;
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудад ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудад ХАБЭА-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах;
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгөх;
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, батламж авах хүртэлх хугацаанд баримт бичгийн боловсруулалт, стандартын хэрэгжүүлэлт, хэвшүүлэлтийн үе шатуудад хамтран ажиллах.