Image

Зөвлөмжүүд

Монгол Улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хэрэгцээндээ зориулан хувийн хөрөнгө оруулалтаар жишээлбэл: 6, 10 кВ-ын хуваарилах байгууламж, 6, 10, 35 /0.4 кВ-ын агаарын болон хаалттай дэд станц, 0.4, 6, 10,35 кВ-ын агаарын ба кабель шугам, 0.4 кВ-ын самбар/щит/ гэх мэт цахилгааны байгууламжийг олноор нь  барьж байгуулан ашиглаж байна.
 
Иймд хэрэглэгчдэд “Өөрсдийн эзэмшлийн цахилгаан байгууламжид ашиглалт явуулахын тулд юуг анхаарах вэ” гэдэг асуулт аяндаа урган гардаг.
 
Юуны өмнө хэрэглэгчиддээ “Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” болон  “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм” /Түлш эрчим хүчний сайдын 2006 оны 1-р сарын 13-ны өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан / -үүдийг баримтлан ажиллахыг зөвлөж байна.
 
“Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн  цахилгааны аж ахуй хариуцагчийг томилон ажиллуулах тухай “- Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ажлыг зохион байгуулах үүрэгтэй цахилгааны аж ахуй хариуцагч болон түүний орлогчийг томилон ажиллуулах ёстой. ............. . Цахилгааны аж ахуй хариуцагчаар дүрмийн шаардлагын хэрэгжилтийг хариуцаж чадах инженер, техникийн ажилтныг томилно.  Хэрэглэгч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага нь цахилгааны аж ахуй эрхэлсэн мэргэжилтэнтэй бол тэр хүн цахилгааны асуудлыг шууд хариуцана.” /1.2.3/
 
“Үйлдвэрлэлийн ажил үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд цахилгааны аж ахуй нь зөвхөн оруулгын болон хуваарилах төхөөрөмж, гэрэлтүүлгийн төхөөрөмж, 380 В-оос илүүгүй хүчдэлтэй зөөврийн цахилгаан тоноглолтой хэрэглэгчид цахилгааны аж ахуй хариуцагч томилохгүй. Энэ тохиолдолд хэрэглэгчийн удирдлага нь цахилгааны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүргийг өөрөө хариуцаж болно.” /1.2.4/ – гэж тусгасан нь хамгийн түрүүн хэрэгжүүлэх алхам юм.
 
Дараагийн нэг алхам нь дүрмийн “Технологийн тоноглолтой шууд холбогдсон цахилгаан тоноглол, хэрэгслийн засварыг тухайн технологийн тоноглолын засвартай хамт хийвэл зохино. Эрчим хүчний зарцуулалт ихтэй тоноглолын засварыг намар өвлийн улиралд гүйцэтгэнэ /1.6.5/  гэж заасны дагуу өөрсдийн эзэмшлийн тоноглолд засвар  үйлчилгээ  хийх явдал юм.
 
Манай компани жил бүрийн 3-р сард тухайн жилийн засвар үйлчилгээ хийх хуваариа батлуулж сар бүр  сонин хэвлэлээр болон хэрэглэгчидтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ дагуу утсаар нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдэж ажилладаг.
 
 
Цахилгааны байгууламжууддаа засвар үйлчилгээ хийхдээ хангагч байгууллагуудын засвар үйлчилгээ хийх хуваарьтай уялдуулахаас гадна өөрсдөө засварын ажлын хэмжээгээ тодорхойлж /1.6.2/ засварын ажлын жагсаалт /1.6.6,1.6.7/ гарган тухайн технологийн тоноглолын засварыг хийж байгаа хангагч байгууллагуудад урьдчилан мэдэгдэж ажил гүйцэтгэх аман болон бичгэн шийдвэр авах хэрэгтэй байдаг.  Хэрэв хангагч байгууллагын засвар үйлчилгээ хийх хуваарьтай уялдуулах боломжгүй засвар хийх шаардлага гарвал нэг өдрийн өмнө гэрээ байгуулсан хангагч байгууллагадаа захиалга өгч урьдчилан тохиролцож засвар хийх нөхцөлийг урьдчилан хангуулах ёстой.
 
Энэ нь хангагч байгууллага болон  хэрэглэгчдийн аль алиных нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөл болдог.
 
Засвар хийсний дараа энэ дүрмийн “ ........ цахилгаан тоноглолын туршилтын нормд нийцүүлэн туршсан байна” /1.6.11/ гэсэн заалтын дагуу тоноглолоо туршуулж газардуулгын хэмжилт хийлгэн зөвшөөрөл авсан хангагч байгууллагадаа эргэн мэдэгдэж цахилгаанаа холбуулах хэрэгтэй байдаг.
 
Ашиглалтын үед гарсан гэмтэл саатлын үед хангагч байгууллагатай байгуулсан ашиглалтын болон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хамтран ажиллах шаардлагатай байдаг. 
 
УБЦТС ХК-ийн Техник, шуурхай зохицуулалтын албаны инженер А.АМАРЖАРГАЛ

Image

Зөвлөмжүүд

Өнөөгийн байдлаар манай компанийн сүлжээнд холбогдсон 2000 орчим хувийн эзэмшлийн дэд станц бий. Эдгээр хэрэглэгчид цахилгаан шугам сүлжээний тоноглол ашиглалтын талаарх ойлголт багатай, ашиглалт хариуцсан мэргэжлийн хүнгүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ заалттай сайтар танилцаагүй зэргээс шалтгаалан дэд станцынх нь ашиглалтын түвшин доогуур байх нь элбэг.
 
Хэрэглэгчийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцуудын ашиглалтын байдлыг шалгахад  хаяг, бичлэг, бирк, плакат, цоож цуурга  байхгүй, төмөр хийцүүд будаггүй, тоос шороо ихтэй,  гаралт оролтын кабелиуд эмх цэгцгүй, өндрийн кабель муудаж хуурайшсан, трансформатораас тос гоожсон, трансформатор  бохирдсон, трансформаторын нойлыг  давтан газардуулаагүй зэрэг зөрчлүүд их илэрч байна. Энэ нь зөвхөн тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжид нөлөөлөөд зогсохгүй улсын эзэмшлийн шугам сүлжээнд нөлөөлж бусад хэрэглэгчдэд тасралт үүсгэх томоохон шалтгаан болдог. Энэхүү хариуцлагагүй байдал нь тус компанийн  үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
 
 
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.17 дахь заалтад “Хэрэглэгч нь 2.1.7-д заасан шугам тоноглолыг эзэмшдэг бөгөөд дэд станц, шугам тоноглол нь хоёр талын цахилгааны эх үүсвэрээс тэжээлтэй болон автомат сэлгэн залгагч төхөөрөмж суурилуулсан мөн аваарийн нөөц тэжээлийн эх үүсвэр /дизель, генератор/-тэй бол харьяа түгээх төвтэй Шуурхай ажиллагааны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч хэрэглэгчид гэрээгээ байгуулаагүй гэх зөрчлийг гаргасаар байна.
 
Шуурхай ажиллагааны гэрээгээр хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжид хийгдэх ажил үйлчилгээний заагийг тодотгох, ашиглалтын түвшинг зохих хэмжээнд байлгаж шугамын тасралтын тоог бууруулах, засвар үйлчилгээний ажлын аюулгүй байдлыг хангах, хоёр талын хүмүүсийн шуурхай ажиллагааг уялдуулан зохицуулах, талуудын сэлгэн залгалт хийх эрхийн хэм хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээг байгуулснаар хэрэглэгч нь УБЦТС ХК-иас зөвлөгөө авч,  тоног төхөөрөмж гэмтсэн үед солих, шинээр тоноглол нэмж залгах, засвар үйлчилгээг хийлгэхэд мэргэжлийн байгууллагын хүн хүч, техникийн үйлчилгээг авах боломжууд нээлттэй байдаг.
 
Иймд хувийн эзэмшлийн шугам тоноглолтой хэрэглэгчдийг дэд станцдаа ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан цахилгааны мэргэжлийн ажилтныг томилон ажиллуулах, мөн УБЦТС ХК-тай шуурхай ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж, цахилгаан шугам сүлжээний найдвартай байдлыг хангахыг зөвлөж байна.
 
УБЦТС ХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Т.АЛТАНЦЭЦЭГ

Image

Зөвлөмжүүд

Цахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг боловч хэвийн бус горим үүсэх, алдаатай холболт, бороо, ус, чийг, цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан тусгаарлагч (хөндийрүүлэг) муудсанаас болж хүчдэлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед хүмүүс цахилгаан тоноглолын их бие, металл хийцүүдэд хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюултай. Иймд цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүн, амьтныг хамгаалахын тулд тоноглолын их бие, металл хэсгийг газартай холбосон цахилгаан хэлхээ буюу газардуулах байгууламжийг заавал хийх шаардлагатай байдаг. Энэ шаардлага нь бүх аж ахуйн нэгж байгууллагуудад болон дэлгүүр, цайны газар, баар ресторан, ТҮЦ, цэцэрлэг, сургууль, орон сууцны байрнаас цахилгаан тэжээлтэй үйлчилгээний газар, амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай объект, авто угаалгын газар, автомашины засвар, гагнуурын газар, угаалга хими цэвэрлэгээний газар, модны зах, төмрийн үйлдвэр, угсралт хийгдэж буй барилга, барилгын суурин кран, нефьтийн агуулах, шатахуун түгээх станцуудад бүгдэд нь хамаарна.

Энгийнээр тайлбарлавал 36Вольт болон түүнээс дээш бүх хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулах ёстой бөгөөд энэ нь таны амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг хэт хүчдэлээс хамгаалах, цахилгаан хэрэгслүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, аянгын хор уршгийг дээд зэргийн хэмжээгээр багасгах зориулалттай байгууламж юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

   

Газардуулах байгууламжийн эсэргүүцэл нь хүний биеийн эсэргүүцлээс олон дахин бага байдаг бөгөөд аливаа цахилгаан гүйдэл нь хамгийн бага эсэргүүцэлтэй гүйдэл дамжуулагчаар гүйдэг учраас хүний биеэр биш газардуулгын эсэргүүцлийг дайрч гүйнэ гэсэн үг. Цахилгаан тоноглолын ашиглалтын үед газардуулах байгууламжийн эсэргүүцлийн хэмжээ ихсэх, хэлхээ тасрах зэрэг гэмтлүүд гарч болно. Жишээ нь: халуун ус, уур дамжуулах хоолой байрлуулсан газрын ойролцоох хөрс хатаж хуурайшсанаас, их хэмжээний гүйдэл дамжсанаас газардуулгын элементүүд халж холбоос (гагнаас) суларснаас, электродууд болон холбогч утас зэвэрснээс, газар шорооны ажлын үед газардуулах байгууламжийн холбоос, металл хийцүүдийг салгаснаас гэх мэт шалтгаанаар газардуулгын эсэргүүцэл эрс нэмэгддэг. Эдгээр тохиолдлуудад газардуулгын хамгаалах үйлчилгээ нь багассаар улмаар үгүй болдог тул хүн, амьтан цахилгаан гүйдлийн үйлчлэлд өртөх аюултай байдал бий болно. Цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл нь гүйдлийн хэмжээ, төрөл, гүйдэл үргэлжлэх хугацаа, гүйдэл дамжих зам, хүний биеийн цахилгаан эсэргүүцлээс хамаарна. Хүний биед биохими, биофизикийн нийлмэл процесс явагдаж байдаг тул шууд цахилгаан дамжуулагч болдог гэдгийг мартаж болохгүй.

Хүний биеэр цахилгаан гүйдэл дамжиж болох 15 төрлийн зам байдаг. Цахилгаан гүйдэл хүний биеэр дамжих замуудыг доорх зургаар харууллаа.

Жишээ нь: 1. Гар ¬– гар, 2. Баруун гар – хөл – хөл 3. Зүүн гар–хөл–хөл гэх мэт. Газардуулах байгууламжид тавигдах гол шаардлага бол түүний эсэргүүцэл нь байх ёстой хэмжээндээ байх явдал юм. Иймээс хэрэглэгч та газардуулах байгууламжийн угсралтын ажлыг хийлгэхдээ мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн эрх бүхий компаниар газардуулгын гүйцэтгэлийн зураг гаргуулж, зургийн дагуу эрх бүхий цахилгааны угсралтын мэргэжлийн компаниар газардуулах байгууламжийн угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийлгэх явдал юм. Учир нь газардуулах байгууламжийн угсралтын ажлыг хийхэд тухайн орчин, хөрсний эсэргүүцэл, аянгын идэвхтэй бүс болон газардуулах байгууламжид орох металл хийцийн тоо, хэмжээ, урт, гадас хоорондын зай, гадасны урт зэргийн уялдааг нарийн тооцоолдог тул мэргэжлийн инженерийн компанийн зургийг үндэслэх шаардлагатай байдаг.

Та өөрийн цахилгаан тоноглолын газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж, протокол авахын тулд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Техникийн нөхцөл - та техникийн нөхцөлтэй сайтар танилцах хэрэгтэй
  • Газардуулгын байгууламжийн зураг - Зургийг эрчим хүчний зураг төслийн эрх бүхий компани хийсэн байх шаардлагатай
  • Зургийн дагуу цахилгаан угсралтын эрх бүхий компани газардуулгын байгууламжийн угсралтын ажлыг хийсэн байна. Газардуулгын байгууламжийг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийн акт, компанийн тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Төлбөр төлсөн баримт-Таны газардуулгын зураг, гүйцэтгэлийн актыг үндэслэн төлбөрийг тогтооно.

Эдгээр бичиг баримтууд нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах явцад зайлшгүй шаардлагатай техникийн бичиг баримт болно.

Image

Зөвлөмжүүд

1. Захиалагч, иргэн, аж ахуй нэгж, байгуулага нь цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэхийн тулд 6-35 кВ-ын хүчдлийн шугам, дэд станц барьж байгуулах хэрэгцээ гарсан бол хамгийн түрүүнд УБЦТС ТӨХК-д хандаж хүсэлтээ гарган техникийн нөхцөлийг гаргуулна. (1000 кВА-аас дээш чадалтай бол Эрчим хүчний яаманд хандаж техникийн нөхцөл гаргуулна)
2. Захиалагч нь техникийн нөхцөл гарсаны дараа цахилгаан байгууламжийнхаа ажлын зургийг эрх бүхий байгуулагаар хийлгэнэ. (Зураг нь экспертизээр батлагдсан байх ёстой)
3. Захиалагч нь батлагдсан зураг, техникийн нөхцөлийн дагуу угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компаниар цахилгаан байгууламжийн угсралтын ажлаа гүйцэтгүүлнэ.
4. Захиалагч, гүйцэтгэгч нь угсралтын ажлаа эхлүүлэхийн өмнө Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хандан барилга угсралтын ажил эхлүүлэх албан ёсны зөвшөөрөл авна.(“Эрчим хүчний тоног төхөөрөмж барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх журам”-ыг үзнэ үү)

5. Гүйцэтгэгч барилгын газар шорооны ажлыг эхлэхийн өмнө харьяа түгээх төвд хандаж газар доогуурх кабель шугамын байршил трассыг тодруулах ажлыг гүйцэтгүүлнэ.
6. Захилагч нь угсралтын ажлын явцад уг ажил зургийн дагуу болон техникийн нөхцлийн дагуу хийгдэж байгааг УБЦТС ТӨХК-ын холбогдох түгээх төвийн ашиглалтын инженерүүдээр шалгуулж, хяналт тавиулана. /албан бичиг авна/
7. Гүйцэтгэгч нь цахилгаан байгууламжийн тоноглолд холбогдох хэмжилт туршилтыг эрх бүхий байгууллагаар хийлгэнэ.
8. Гүйцэтгэгч нь “Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралтын ажлыг ашилалтанд оруулах журам”-д заасны дагуу тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийсэн протокол, гүйцэтгэлийн актууд, зураг схем, тоолуур хэмжих хэрэгсэлийн баталгааны бичиг болон бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүүлнэ.
9. Гүйцэтгэгч нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажилуулахын өмнө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтэст хандан уг цахилгаан байгууламжийн байр зүйн зургийг мэдээллийн санд бүртгүүлсэн байна
10. Гүйцэтгэгч компани нь барилга байгууламжаа барьж дуусган гүйцэтгэлийн бичиг баримтыг бүрдүүлсэний дараа комисс ажилуулах хүсэлтээ холбогдох газарт гаргана. Үүнд:

  • Хувийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн хувьд нийслэлийн болон тухайн аймгийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан комисс ажлуулах хүсэлтээ гаргана. (Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолын дагуу комисс томлигдон ажиллана)
  • ЭХЯ-ны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээгээр баригдсан эрчим хүчний барилга байгууламжийн хувьд бол Эрчим хүчний хөгжлийн төвд хандан комисс ажиллуулах хүсэлтээ гаргана. (ЭХЯ-ны сайдын 2013 оныг 07 сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалаар томлигдсон техникийн болон Улсын комисс ажиллана)

11. Гүйцэтгэгч нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажилсаны дараа комиссийн гишүүдийн өгсөн үүрэг даалгаварыг 14 хоногийн дотор биелүүлж фото зургаар баталгаажуулж комиссын нарийн бичгийн даргаас комиссын акт, хурлын тэмдэглэлийг авч комиссын гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.
12. Гүйцэтгэгч нь УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн Техникийн өгөдөл схемийн сангийн инженерт хандан Цахилгаан байгууламжийнхаа тоноглолын мэдээллийг схем зургийн хамтаар авчирч бүртгүүлнэ
13. Гүйцэтгэгч нь харъяа түгээх түгээх төвийн горимын инженерт хандан горим тооцооны схемд уг байгууламжийг байршлаар нь тусгасан схемийг хэвлүүлэн авах ба уг схемийг УБЦТС ТӨХК-ийн Реле хамгаалалт туршилт тохируулгын албаны реле хамгаалалт тавил тооцооны инженерт хандан тухайн фидерийн тавилын тооцоог хийлгэнэ.
14. Гүйцэтгэгч нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт баталгаажин дугаар авсаны дараа УБЦТС ТӨХК-ны Технологийн холболтын албаны шинэ холболтын инженерээс уг объектийг 6-35 кВ-ын сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг авна.
15. Гүйцэтгэгч нь 6-35 кВ-ын сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг авсаны дараа УБЦТС ТӨХК-ийн Диспетчерийн албаныгоримын инженерт хандан хүчдэлд залгах зөвшөөрлийн бичгэнд шуурхай ажиллагааны нэр, дугаар авч гарын үсэг зуруулна. Нэр дугаар авахын өмнө заавал зүйл 12 –г хийлгэсэн байх шаардлагатай.
16. Захиалагч, гүйцэтгэгч нь барилга байгууламжинд диспетчерийн дугаар авсаны дараа харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.
17. Захиалагч, гүйцэтгэгч нь харьяа түгээх төвтэй шуурхай ажиллагааны болон найдвартай ажиллагааны гэрээ байгуулна.
18. Гүйцэтгэгч нь хүчдэлд залгах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурагдаж дууссаны дараа харьяа түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсгийн ахлагч болон засварын инженерт хандан хүчдэлд залгуулах захиалга өгч залгуулна. (хүчдэл залгуулахын өмнө шинээр баригдсан дэд станцад диспетчерийн нэр дугаарыг тухайн дэд станцын хаалга щитэнд бичсэн байна)
19. Хэрэв шинээр ашиглалтад орж байгаа шугам, дэд станцыг хүчдэлд залгахад ЦДҮС ТӨХК-ийн харъяа 110кВ-ын дэд станцаас шугам таслуулах бол УБЦТС ТӨХК –ын Диспетчерийн албаны ахлагчаас залгах зөвшөөрлийн бичгийн маягт авна. Уг маягтад сүлжээнд шинээр холбогдох шугам тоноглолын жагсаалтыг бичиж, ЦДҮС ТӨХК болон УБЦТС ТӨХК-ийн ерөнхий инженерүүдээр батлуулсны үндсэн дээр захиалга өгч хүчдэлд залгуулна.

 

Гүйцэтгэлийн бичиг баримтын загвар үзэх

Хэсэг1 | Хэсэг2 | Хэсэг3

 

Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулахын тулд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон холбогдох маягтыг дор харуулав

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах журмын 6 дугаар хавсралт


ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫН ТУЛД БҮРДҮҮЛЭХ ЖИШИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
 

Бүрдүүлж хөтөлсөн байх баримт бичиг Баримт бичгийн он,сар,
өдөр
Хувь Хавсралтын дугаар
0 1 2 3 4
А) барилга байгууламжийг ашиглалтад оруулахын
өмнө бүрдүүлсэн байх бичиг баримтууд
1 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх бүртгэлийн гэрчилгээ      
2 Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл      
3 Барилга хариуцсан даамлыг томилсон тушаал      
4 Барилга барих газар олгосон тухай аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, мэдэгдэл      
5 Техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд (ус суваг, дулаан, цахилгаан, холбоо дохиолол)      
6 Улаан шугам тавьсан акт түүнийг тавихад гаргасан зай хэмжээний зураг      
7 Барилга барих газрын хөрсний шинжилгээний дүгнэлт      
8 Ажлын иж бүрэн зураг төсөл магадлал хийгдсэн      
9 Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагын хооронд хийсэн гэрээнүүд      
10 Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт      
11 Ил далд ажлын акт, техникийн баримт бичгүүд      
Б) барилга угсралтын ажлын явцад бүрдүүлсэн баримт бичиг
12 Улаан шугамыг шалгаж тэг, тэнхлэг татсан акт     М-1
13 Суурийн нүх ухсан акт     М-2
14 Суурь хийсэн акт     М-3
15 Ханын өргийн акт     М-4
16 Хана сууринд төмөр бетон бүс хийсэн акт     М-5
17 Хананд салхивч ба утааны суваг хийсэн акт     М-8
18 Барилгын гадна цахилгааны шугамыг хийсэн акт     М-25
19 Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт     М-26
20 Тоног төхөөрөмжийн суурь хийсэн ба тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан акт     М-27
21 Тоног төхөөрөмжинд туршилт хийсэн акт (а, б)     М-28
22 Тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулга хийсэн акт (нэг бүрээр)     М-29
23 Тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан акт     М-30
24 Аянга зайлуулагч хийсэн, туршсан акт     М-31
В). эрчим хүчний барилга байгууламж шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг угсрахад бүрдүүлэх бичиг баримт
33 Зураг төслөөс өөрчлөгдөн хийгдсэн ажлын жагсаалт     М-40
34 Техникийн баримт бичгүүд     М-41
35 Дутуу ажлын жагсаалт     М-42
36 Кабелийг хүйтний улиралд сунгахын өмнө халаасан протокол     М-43
37 Кабель шугамыг шулуутгасан өндөр хүчдэлээр шалгасан протокол     М-44
38 Цахилгаан дамжуулах агаарын шугамын паспорт     М-45
М-46
39 Тулгуурын далд ажлын акт     М-47
40 Трансформаторын дэд станцын паспорт     М-48
41 Цэнэг шавхагч шалгасан протокол     М-49
М-50
42 Хуурай салгуур шалгасан протокол     М-51
43 Газардуулах байгууламжийн паспорт     М-52
44 Газардуулгын хүрээний эсэргүүцэл шалгасан протокол     М-53
45 хүчний трансформаторт туршилт хийсэн протокол     М-54
46 Цахилгаан дамжуулах агаарын шугамын үндсэн үзүүлэлтүүд:
  1. Төмөр бетон тулгуур
  2. Суурь
  3. Тусгаарлагч
  4. Утасны бэхэлгээний тоноглолууд
  5. Хэт хүчдэлийн хамгаалалт
  6. Агаарын шугамын газардуулга
    М-55

Image

Зөвлөмжүүд

Зуслангийн болон гэр хорооллын 4-6 айлын тоолуурыг нэгтгэн багцалж хайрцагласныг тоолуурын щит гэдэг. Щитнээс айл тус бүр рүү орсон оруулгын утсыг кабель гэж нэрлэдэг ба кабель утасны аюулгүй, найдвартай байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцдаг. 
 
Цахилгааны кабель утас, залгуурыг зөв сонгож ашиглах нь ахуйн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд нөлөөлнө. Иймд кабель утсыг хэрхэн зөв сонгож авах, залгуурыг яаж аюулгүй ашиглах талаар зөвлөмж өгье. 
  1. Щитнээс айл руу орж байгаа кабель утас нь стандартын шаардлага хангасан байхаас гадна  газар булах зориулалтын байна. Мөн ямар нэгэн залгаасгүй, тухайн хэрэглэгчийн нийт хэрэглээний ачааллыг даах чадвартай байх ёстой.
  2. Цахилгаан хэрэгслийн залгуурын оролтуудыг байнга шалгаж, эвдэрснийг нь нэн яаралтай засуулах, утас нь ил гарсан, харласан хэврэг залгуурыг хэрэглэхгүй байхыг анхаараарай.
220В-ын хүчдэлд залгагдах айл өрх оруулгын кабель утсаа зөв сонгох энгийн тооцооны аргачлалыг дараах жишээгээр үзүүлье. 
 
Гэр хорооллын айл өрх дунджаар дараах цахилгаан хэрэгсэлтэй байна гэж үзвэл тухайн өрхийн нийт суурилагдсан чадал нь 7010 Вт болно.
 

Цахилгаан хэрэгсэл

Тоо хэмжээ

Нэгж чадал [Вт]

Нийт чадал [Вт]

1

Цахилгаан зуух /Плитка/

1

2200

2200

2

Цахилгаан халаагуур

1

2000

2000

3

Зурагт

1

330

330

4

Гэрэлтүүлэг

3

100

300

5

Хөргөгч

1

300

300

6

Комьпютер

1

880

880

7

Тоос сорогч

1

1000

1000

Айлын нийт суурилагдсан чадал [Pс]

7010

1. Оруулгын кабелиар гүйх  гүйдлийг  тооцоолбол:

2. Дээрх жишээгээр тооцооны гүйдэл (Iт) нь 31.86 А гарч байгаа гэж үзвэл кабелийн хөндлөн огтлолын талбайг сонгох хүснэгтээс 4 мм2 огтлолтой зэс утас, эсвэл 6.0 мм2 хөндлөн огтлолтой хөнгөн цагаан утасны аль нэгийг сонгох нь зөв юм.

Гүйдэл дамжуулагчийн хөндлөн огтлолын талбай[мм2]

Зэс судалтай [А]

Хөнгөнцагаан судалтай[А]

1

2.5

27

-

2

4.0

38

29

3

6.0

50

38

4

10.0

70

55

Image

Зөвлөмжүүд

Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас өмнө нь хэрэглэгч та бүхэнд хоол хийх үедээ  цахилгаан эрчим хүчээ яаж хэмнэж болох талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе.

· Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.

· Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.

· Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

· Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдагийг анхааралдаа ав.

· Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь бүрэн гэссэнийг машиндахаас илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.

· Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

· Нийтийн орон сууцнуудын  орцны гэрэл үдшийн цагаар хүн явсан,  яваагүй байнга асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын цагтай давхцдаг. Ийм гэрэл 60Ватт-ынх байгаад өдөрт 10 цаг асаалттай байхад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлээр сольж хэмнэх нь зүйтэй.

 

         www.edimka.ru  сайтаас орчуулж бэлтгэсэн Б.Болормаа, М.Гэрэлчимэг

Image

Зөвлөмжүүд

Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy-гээр цахилгааныхаа төлбөрийг төлдөг боллоо. Одоо та Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний  my.tog.mn цахим хаягт нэвтрэн цахилгааныхаа төлбөрийг Candy оноогоороо бүтнээр нь эсвэл хувааж төлөх боломжтой. Та Мобиком, Петровис, Монос, Хүннү Молл, PC Mall, Pepsi зэрэг 30 гаруй томоохон байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ Candy оноогоо цуглуулна.

Candy-гээр цахилгааныхаа төлбөрийг төлөх заавар:
 
1. my.tog.mn цахим хуудаст хандан, гэрээнийхээ дугаараар нэвтрэн орно:
 
2. Төлөх дүн гэсэн цонхонд төлбөрийн үлдэгдлээ оруулж бичнэ.

3. Төлбөр төлөх төрлөөр Candy-г сонгоно.

4. Candy-гээрээ төлөх утасны дугаараа оруулна

5. Гүйлгээ амжилттай болсон талаар мэдээлэл гарч ирнэ. Ингээд гүйцээ!

 
 
Candy үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1199, www.candy.mn вэб хуудаст хандан авна уу.

 

УБЦТС-ний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7004-7004, my.tog.mn вэб хуудаст хандан авна уу.

Image

Зөвлөмжүүд

    

Нийслэлийн өдрийг угтаж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчдэдээ зориулан "Цахилгаан хэрэглэгчийн гарын авлага" сэтгүүлийг бэлэг болгон барьж байна.
Энэхүү гарын авлагад хэрэглэгчдээс түгээмэл ирүүлдэг асуултуудын хариултыг багтаасан тул айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг хангана гэдэгт итгэж байна.

Гарын авлагыг харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөсөө авч болохоос гадна www.tog.mn сайтаас http://www.tog.mn/Downloads/hereglegch_gariin_avlaga.pdf холбоосоор татаж үзэх боломжтой.

Image

Зөвлөмжүүд

Электрон тоолуур нь хэрэглээг өдөр, шөнийн тарифаар тооцдог тул хэмнэлт хийх боломжтой. Мөн 8 жилд нэг удаа баталгаажуулдаг. Харьцангуй шинэ технологи тул хөгжүүлэлт хийх боломжтой, удаан хугацаанд ашиглагдана.

 

Image

Зөвлөмжүүд

УБЦТС ТӨХК хэрэглэгчдээ ухаалаг хэрэглээнд уриалж байна Хүүхдийн өрөөний дулаан өдрийн цагаар 20̊C байх нь хамгийн тохиромжтой. Харин шөнөдөө16-18̊C-аас дээшгүй дулаантай, агаар сайтай өрөөнд уутан хөнжилд хүүхдээ унтуулж байх нь эрүүл мэндэд тустай.
 

Image

Зөвлөмжүүд

УБЦТС ТӨХК хэрэглэгчдээ ухаалаг хэрэглээнд уриалж байна. Усыг зориулалтын буцалгагчид хийж буцалгавал цахилгаан бага зарцуулна. Мөн уух хэмжээндээ тохирсон ус хийж буцалгах нь цахилгаан болоод цаг хэмнэнэ.
 
 

Sidebar Menu